Friday, 28 September 2012

Ай Данзанравжаа чи харснаа бичжээ

Уулын цаанаас баатарлаг
Урд нь очоод уйлинхай
Уулзах зуураа магтав ч
Удаан ханилбал мууламтгай
Уг чадал багахан ч
Уул өргөн бардамнадаг нь
Нийт чадархаг эрчүүдийн муу зуршил мөн...
              ***
Бузгай гоё хувцастай ч
Бузар муухай явдалтай
Булай умдаг нь нойтон ч
Янаг сэтгэл нь хуурай
Бурхан номд сүсэггүй
Эрийн бэлгэнд сүсэгтэй нь
Нийт эхнэр хүний муу зуршил мөн...
             ***
Учрахын урд эр эм болохыг хүснэ
Учрах сацуу элэг бөөр мэт үлэмж янаглана
Удалгүй уйдах сэтгэл төрж
Бие биенээсээ гэм эрэн хэрэлдэнэ
Олон бусдын эр эм сайн хэмээн гуних сэтгэл төрнө...
            ***
Ариун бузар хүнд хөнгөн тэргүүтнийг
Алсдаа сэтгэлээр ялгахыг мэдэлгүй
Ааш зан явдлаараа адил санаад
Амандаа орсон чинээгээр ярьж яаж болох вэ?

Wednesday, 19 September 2012

Намар


Хуйлж хатаасан цайны навч
Тагтай жижиг шаазан аяга
Эргэн тойрон шувууд жиргэж
Салхины аясаар навчис унана.

Энэ үзэгдлийн эзэн болсон
Цай, навч, салхи, шувуудыг
Эрж хайгаад ч олохгүй учир
Шүтэж гарсныг сая л ухаарав.

Үнэндээ цай үгүй
Ямар ч шувуу жиргээгүй
Хаанаас ч салхи салхилаагүй
Нэг ч навч мөчрөөсөө унаагүй.

Tuesday, 11 September 2012

Випашяна бясалгал - Випашяна бясалгал шоронд_Part 1



Випашана бясалгал



          Випашана (Vipassana) бясалгал нь Бурхны шашны бага хөлөгний ёсны бясалгал юм. Ер нь бүхий л бясалгал ажиглах (нэг зүйл дээр сэтгэлээ тогтооно. Улмаар сармагчин адил сэтгэлийг номхруулан эрхэндээ оруулах;) болон шинжлэх (юмсын мөн чанарыг шинжлэх;) гэсэн хоёр төрөлд хураагдана. Випашана бясалгал энэ хоёр төрлийг агуулсан байдаг.
        10 хоногийн эхний 3 хоног ажиглах бясалгал, дараах 6 хоногт шинжлэх бясалгал, сүүлийн өдөр энэрэл хайрын бясалгалыг хийх болно. Бясалгалын эхний 9 хоног багшаас бусад хүнтэй ярих хориотой. Мөн бясалгалын турш архи тамхи, хулгай, худал хэлэх, хурьцал үйлдэх, амь таслах зэрэг үйлүүд хориотой. Энэ нь бясалгал хийх нэн таатай суурь болно. Та ганцаараа байж өөрөө өөрийгөө судалж эхлэх болно.
          Эхний гурван өдөр амьсгал дээрээ бүхий л анхаарлаа төвлөрүүлэн суух болно. Энэ нь сэтгэлээ амьсгал дээрээ тогтоож байгаа нь тэр. Эхэндээ сэтгэл яг л сармагчин аятай ийш тийш үсчээд л... Юу яасан амьсгал дээр тогтох мантай. Гарч орох амьсгалаа ажиж байсан ч нэг л мэдэхэд сэтгэл аль хэдийнээ өөр тийш явчихсан бууз хуушуур эргүүлээд, дэлгүүр хоршоо хэссэн шигээ явж байх болно. Эргээд л амьсгал дээрээ анхаарлаа тогтооно, сэтгэл дахиад л тэнээд явна. Буцааж авчраад амьсгалаа ажиглана. Энэ янзаар 3 хоног өнгөрөхөд сэтгэл тогтож эхэлнэ. Сэтгэл ийш тийш тэнэх нь багасаад амьсгал дээрээ тогтдог болно. Догшин сэтгэл номхорч байгаа нь тэр.
          Одоо л випашана бясалгалыг хийх боломжтой. Випашана гэдэг нь бодитоор харах, байгаа юмыг байгаагаар нь харах гэсэн утгатай. Уур, шунал хэрхэн төрдөг? Мэдрэмж хэрхэн үүсээд алга болохыг? Бидний зовлонгийн шалтгаан юу болох?... хариултууд таны өмнө гарч ирэх болно. Бодит байдлыг үнэхээр харж, мэдэрсэн учраас та бодит байдалд таарсан амьдралаар замнах болно. Ёстой л хүмүүсийн ярьдаг шиг амьдралтай хөл нийлүүлэн алхах болно. Ууртай нэгэн байсан бол хүлээцтэй, шуналтай нэгэн байсан бол болио мэдэлтэй болно. Таныг зовоож байсан зүйлүүд ил гараад ирнэ. Нэгэнт дайснаа таньсан болохоор хорлогдохгүй байх аргаа олох болно. Урьд нь дайснаа мэддэггүй байсан болохоор их зүдэрдэг байж одоо бол байдал нэгэнт өөрчлөгдсөн. HOW NICE?
         9 хоногийн турш та өөрийгөө хэн бэ гэдгийг таньж эхлэх болно. Нэгэнт өөрийгөө ойлгосон учраас бусдыг ч бас ойлгож эхэлнэ.
        10 дахь өдөр дуугүй байх хорио цуцлагдаж бусадтай ярьж болно. Бүгд л сайхан инээсэн хүмүүс. Энэ өдөр үнэхээр гайхалтай. Эргэн тойрон ер бусын амар амгалан. Аргагүй шүү дээ сэтгэл өөрөө амар амгалан болсон учраас эргэн тойрон ч тэр адил... Эцэст нь та энэрэл хайрын бясалгалыг сурна. Энэ бясалгалыг хийх тусам аз жаргал гэж чухам юу болохыг ухаарах болно.

        Урьд нь огт мэдээгүй зүйлээ олж мэдэхийн тулд огт хийж үзээгүйг хийх хэрэгтэй болдог. (Мэргэн үгнээс)
        Махтай шөлтэй хоол идэж суумаар үедээ сууж босмоор үедээ босож яримаар үедээ ярьчихдаг хүнд 10 хоног нам суугаад махгүй шимгүй хоол идэж аж төрнө гэдэг бол амаргүй даваа. Гэлээ гээд аар саархан хоол унднаас болж зовлонтой нэгэн хэвээрээ явсаар нүд анивал харамсалтай!  Ээ дээ хүү минь хичээгээрэй!


( Монгол хэлэнд Vipassana гэдэг үг байхгүй. Санскрит үг. Гэхдээ санаа зоволтгүй Випашана бол дайсны тал биш манай талын бясалгал.)

Sunday, 5 August 2012

Сэтгэлд нийцээгүй юм болгоныг өөлж муулаад байвал юу болох вэ?


              Хэн нэгний алдаа, бурууг олж харсны дараа:- Щааваас (шшш...чааваас) яагаад ийм тэнэг болдог байна аа? Арчаагүй амьтан! гэх мэтээр үглэнэ. Алдсан хүн дургүйг чинь хүргэж байсан бол “Хохь чинь!” гэж баясаад л.
              Цаад талыг нь сайн ажвал “Би их сайхан хүн. Би бусдаас илүү. Би бусдаас ялгаатай” гэсэн бодол торойгоод байж байдаг.


         
        ....Ажил дээрээ:- Энэ муу шулам/новш өнөөдөр намайг юу юу гэнээ!... Сунаж үхлээ!!! Хурдан цайны цаг/тарах цаг болоосой...Нет яачваа!!! хэдэн юм харчихмаар байдаг...

        Зам дээр:- Ээ! Яадаг эргүү мал вээ!!!... Хамаг нас машинд өнгөрч байна дөө... Урд наклад/хойд амаржин дуу орчихжээ яаж ийгээд солино доо... Зам гэж там юмаа...

        Гэртээ ирээд:- Эхнэрийн/Нөхрийн/Хүүхдийн ааш олдохгүй байна... Ток/байр/усны/хогны мөнгө... Танайхан! Манайхан! гэж дуу чангарч хэрэлдээд л...

        Хадмындаа:- Хадмынд ямар их зарагдаж байна аа!!!. Эднийхэн ийм ш дээ...гэх мэт амьдрал үргэлжилсээр…

             Сэтгэл өөрийн гэсэн хоолтой байдаг. Иймэрхүү хоол идээд байвал хэцүү биз дээ??? Aйн!!!

             Ингээд амьдраад байвал амьдраад л байна. Сэтгэл давчуу болж өчүүхэн юман дээр боож үхэх шахан уурладаг болно. Ходоод шархалж, зүрх дэлсэж, судас хатуурч, элэг хавдаж, бөөр унжаад... өвчний үүр болж эрт нүд анина. Үхэх үедээ маш зовно. Дураараа л бол...
             
             Харин эсрэгээрээ хүний өө, алдааг хараад:- Би ч гэсэн алддаг. Энэ хүн надтай ижилхэн өвдөж зовдог, уйлж дуулдаг, хагацаж гуньж, хайрлаж, хайрлуулдаг. Энэ бид хоёр хоёулаа жаргачих санаатай яваа амьтад. Гэр бүлдээ, хадмындаа, замын бөглөөнд, ажил, амьдрал дээрээ ижилхэн баярлаж, гуньж яваа гэж бодвол.... 
             Уур хүрсэн үед ингэж бодох хэцүү. Гэхдээ ингэж бодоод байвал яваандаа энэ бодол сэтгэлд амархан төрдөг болно. Аажим аажмаар сэтгэл хүлээцтэй, уужуухан болж амьдрал жаргал хоёроо ялгахаа болиод ирнэ. Энэ үнэн шүү. Үнэхээр тийм болно.


Friday, 3 August 2012

Бясалгал бол...


   Би бясалгал гэхээр нүдээ анин завилж суугаад амар амгаланг мэдрэн түр ч болов амьдралын эрээн бараанаас холдох арга гэж боддог байсан. 
   Одоо бол бясалгал гэхээр хүсээд байдаг аз жаргалаа олж, хүсдэггүй зовлонгоосоо салахын тулд хийдэг ажил. Сэтгэлээ элдэв худал хуурмаг үзэгдлээс хамгаалж үнэнд хүрэх арга л гэж боддог.

        Бясалгал хийвэл маш их хүч чадалтай болж ниснэ. Хоолондоо мөнгө зарахгүй болно. Дээд доод, зүүн баруун ертөнцөөр аялж юм үзэж нүд тайлна. Улс хооронд биш, гариг хооронд биш, бүр ертөнц хоорондын экспорт импорт хийнэ гэх мэтээр боддог хүмүүс ч бас байдаг л байх...Болтугай! Болтугай! Үнэхээр тийм бол сайхан л байна.  

Харин сэтгэл гэж


    Сэтгэл бол эргэдэг сандал дээр суугаад тойруулж тавьсан телевизүүдээр тасралтгүй гарч байгаа романтик, адал явдалт, аймшигтай, инээдмийн гээд бүхий л төрлийн үйл явдал өрнөсөн киног тасралтгүйгээр үзээд сууж байдаг сармагчин. Романтик хэсэг гарвал хайлж урсаад л... Инээдмийн юм гарвал элэг нь татаад л... Аймшигийн хэсэг дээр үнхэлцэг нь хагарч үхэнгээ алдана. Сувгаа сольж мэдэхгүй ээ. Нүдээ тас анихаа ч мэдэхгүй тэнэг.
    Гэхдээ энэ сармагчинд нэг чадвар бий. Тэрийг нь дараа хэлье.